ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА НАМРЫН МОД ТАРИЛТЫН АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллагын хэмжээнд намрын мод тарилтыг зохион байгууллаа.

    ШШГЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар намрын мод тарилтын ажлын хуваарь, удирдамжийг баталсан бөгөөд тус арга хэмжээтэй холбогдуулан ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджавын өгсөн үүргийн хүрээнд мод тарих ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллав.
   “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ШШГЕГ-ын харьяа нийт анги, байгууллага, салбар нэгжийн хэмжээнд шилмүүст болон навчит мод, бутлаг ургамал, жимс жимсгэний мод, гоёлын мод зэргийг үрээр, суулгацаар тарих, мод үржүүлгийн газар, талбай, хүлэмж бий болгох, алба хаагчдыг ногоон хөгжил, эко боловсролын чиглэлээр чадавхжуулах зэрэг ажлыг зохион байгуулаад байна.
    Намрын мод тарилтын хүрээнд хотын хүрээний зарим хорих анги, байгууллагын алба хаагчид нэгдсэн хэлбэрээр СХД-ийн 21 дүгээр хороо, Таширын аманд байрлах 405 дугаар хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг түшиглэн 2300 ширхэг мод тарьсан бөгөөд 401 дүгээр хаалттай хорих анги, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 409 дүгээр хаалттай хорих анги, 421 дүгээр нээлттэй хорих анги, 441 дүгээр нээлттэй хорих анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт 200 алба хаагч хамрагдлаа.
  Энэ удаагийн шилжүүлэн суулгаж буй 2300 мод нь манай байгууллагын өөрсдийн үрслүүлж ургуулсан мод байгаагаар онцлог бөгөөд ургалт, бойжилтын хувьд шаардлага хангасан түвшинд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги бэлтгэн нийлүүлсэн юм.
   Түүнчлэн орон нутаг дахь хорих анги, салбар нэгжүүд дотоодын нөөц боломжоо ашиглан тус тусын талбай, байршилд мод тарих ажлыг зохион байгуулж, алба хаагчдын оролцоог ханган ажилласан байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд энэ жил хуримтлуулсан туршлагад тулгуурлан 2023 онд үрийн үрсэлгээг өргөжүүлэх, хүлэмжийн ашиглалт, мод үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн салбартай хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн стратеги зорилтыг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Add comment

reload, if the code cannot be seen