100 сая мод тарих хөтөлбөр

Т.МӨНХ-ЭРДЭНЭ: "100 сая мод тарих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын ойн санг нэмэгдүүлэх, байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлтгэсэн “Алба хаагчийн нэг өдөр” фото сурвалжилгыг хүргэж байна.
 
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг зорилоо. Тус ангид очиход хэдийнэ 14.30 цаг болсон байв. Дэслэгч Т.Мөнх-Эрдэнэ тус ангийн мод хариуцан ажиллаж буй нягтлан бодогч, ахлах дэслэгч Н.Цогттөгстэй уулзаж, мод тариалалтын явцтай танилцлаа. 
Энэ ангийн хувьд алба хаагчдаар үр түүлгэж, 800 метр квадрат талбайд 47 мянган үрсэлгээ тарихаар төлөвлөж байсан ч 80 орчим мянган хайлаас ургах тооцооллыг гаргажээ. Харин дээрх ажлыг зохион байгуулахад “Ургамлын далай” ХХК-тай хамтран багаж, техникийн туслалцаа болон ойн инженерүүдээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байгаа гэв. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан 4 хүлэмж байгуулан арчилгаа, усалгааг тогтмолжуулан ажиллаж байна. 
  Тэрбээр мод тариалалтын явцтай танилцаж, хүлэмжийн усалгааг мод арчлах арга технологи, стандартын дагуу 7 хоногт тогтмол 2 удаа хийх талаар зөвлөгөөг өглөө.
Мод тарих ажлыг ял шийтгэлийн бодлоготой уялдуулан зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч, тэдний засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлж байгаа нь хүмүүжигчдийн санал, сэтгэгдлээс мэдрэгдэж байв.
  Хүмүүжигч О “Болчимгүй үйлдэл хийж, бусдад хохирол учруулснаасаа болж, 407 дугаар ангид хүмүүжиж байна. Энд байх хугацаандаа мод тарьж, эх дэлхийдээ хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ засрал хүмүүжлийг олж авч байгаа. Үр минь үлдэх хорвоод бид байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцаж, эрүүл ирээдүйг хүлээлгэж өгөхөд хувь нэмрээ оруулж байна гэж бодож, модоо тарьж, арчилдаг болсон. Эндээс гараад өөрийн амьжиргаандаа зориулан мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөж байгаа.”
  Хүмүүжигч Н “Тарьсан модоо ургаж байгааг харах үнэхээр сайхан байсан. Ирээдүйд өөрийн гэсэн хүлэмжтэй болж, ургамлын чиглэлийн аж ахуй эрхлэх бодолтой байгаа” гэв. 
Т.Мөнх-Эрдэнээс ойн чиглэлээр мэргэжил эзэмших болсон талаар нь асуухад, тэрээр “Уламжлалт ёс, зан заншлаа дээдлэх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах талаар өвөө, эмээгийнхээ үнэт сургаалийг сонсож өссөн нь энэ мэргэжлийг сонгон эзэмшихэд нөлөөлсөн.
Хүн бүр улс, эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулж явах ёстой. Миний хувьд энэ чиглэлээр суралцаж, Монгол Улсынхаа ойн санг нэмэгдүүлж, байгаль, экологи, уур амьсгалын өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Нөгөө талаараа энэ нь том үүрэг хариуцлага юм” гэлээ.
Хүн бүрийн бодол, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл өөр өөрийн өнгөтэй. Энэ бүгдийн төлөө аливааг сөрж, тэмцэн зогсох сэтгэлийн гал амархан бөхдөг нь байхад асч бадамлах нь харьцангуй их гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хийж, бүтээх өрнүүн сэтгэлтэй, дайчин алба хаагчид олон байдгийн нэг нь ойн инженер, дэслэгч Т.Мөнх-Эрдэнэ гэдгийг хэлэхэд таатай байна.
 

Add comment

reload, if the code cannot be seen