Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмадын хорооноос ахмад ажилтнуудын дунд биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар, оюун санааг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор софт волейбол, шатар, ширээний теннис, дартс зэрэг спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2023.09.23) болж, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэг, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Н.Батсуурь, Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд нар оролцлоо.
Энэ үеэр 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Г.Чогсомжавт “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, хурандаа Н.Батсуурь хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжээс спортын 4 төрөлт тэмцээн тус бүрээс шалгарсан 28 багийн 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Уг тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд багийн дүнгээр тэргүүлсэн анги, байгууллага, салбар, нэгж шилжин явах цомын эзэн болох юм.