ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН “СПОРТЫН 6 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” 7 БҮСЭД БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн” улсын хэмжээнд 7 бүсэд боллоо.
Уг тэмцээнд нийт 47 хорих анги, байгууллагын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс, туухай өргөлтийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Улаанбаатар хотын А бүсийн тэмцээнийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги зохион байгуулж байгаа бөгөөд 7 анги, байгууллага, салбар нэгжийн 322 тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Харин хотын Б бүсийн тэмцээнийг Баривчлах төв зохион байгууллаа.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн зохион байгуулсан Хойд бүсийн тэмцээнд нийт 6 анги, байгууллагын 105 тамирчин оролцож, 6 төрлөөр шилдгүүдээ тодруулжээ.
Баруун бүсийн тэмцээнийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зохион байгуулж буй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 24-нд дартс, туухай, шатар, гар бөмбөг, ширээний теннис болон сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн зохион байгуулж буй Зүүн бүсийн тэмцээнд 7 анги, байгууллага, салбар нэгжийн 120 гаруй тамирчин оролцсон.
Хангайн бүсийн тэмцээний гар бөмбөг, дартс, ширээний теннис туухай өргөлт болон шатрын тэмцээний дүн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Харин сагсан бөмбөгийн тэмцээний дүн 2023 оны 03 дугаар сарын 25-нд гарсныг зохион байгуулагч 439 дүгээр хаалттай хорих ангиас мэдээллээ.
Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан Говийн бүсийн тэмцээнд 5 багийн 76 тамирчин оролцож, 6 төрлөөр шилдгүүдээ тодруулжээ.
Дээрх 7 бүсийн тэмцээний 6 төрлийн тэргүүн болон дэд байрт шалгарсан баг, тамирчид 2023 оны 03 дугаар 30-наас 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Улаанбаатар хотноо болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох юм.
 

Add comment

reload, if the code cannot be seen