✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эх үрс-Итгэлт ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа.
✅Тус ангид хүмүүжиж буй эхчүүд, бүсгүйчүүдийг нийгэмшүүлэх ажилд тэдний гэр бүл, төрөл садан, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, цаашид хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, санал хүсэлтийг хүлээн авах, шаардлагатай мэдээллээр хангах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн үеэр хүмүүжигчдийн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
Энэ үеэр ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан 2 хүмүүжигчийг “Тэргүүний хүмүүжигч тэмдэг”-ээр шагнаж урамшуулснаас гадна өдөрлөгт гэр бүлийн гишүүд нь оролцож амжаагүй хүмүүжигчдэд гарын бэлэг гардуулж, асрамжийн газар өсөж буй зарим хүүхдийг ээжтэй нь уулзуулах арга хэмжээг зохион байгууллаа.
✅Мөн иргэдэд хорих анги болон Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Хууль зүйн туслалцааны төв, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгаалалтын тусгай алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
✅Түүнчлэн уран бүтээлчид болон хүмүүжигчид урлагийн тоглолтоор гэр бүлийнхэндээ бэлэг барилаа.
✅Нийгмээс тусгаарлагдан ял эдлэхийн хажуугаар өөрсдийн хүмүүжил төлөвшлийг хичээл зүтгэлээрээ харуулахыг чармайж буй нийт хүмүүжигчдийн ирээдүйд итгэх итгэлд урам зориг өгч оролцсон гэр бүл, байгууллага, хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлье.