407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эх үрс-Итгэлт ирээдүй” өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны энэ өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь тус ангид хүмүүжиж буй эхчүүд, бүсгүйчүүдийг нийгэмшүүлэх ажилд тэдний гэр бүл, төрөл садан, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцоог хангах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, санал хүсэлтийг хүлээн авах, шаардлагатай мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.
Өдөрлөгийн хүрээнд нийт оролцогчдод хүмүүжигчдийн бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж оролцогчдод дэлгэн үзүүлсний зэрэгцээ хүрэлцэн ирсэн иргэдэд хорих анги болон нийгмийн халамжийн байгууллагаас шаардлагатай мэдээлэл өгөх үйлчилгээг холбогдох албан тушаалтнууд үзүүлж ажиллалаа.
Өдөрлөгийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу урлаг соёлын байгууллага, уран бүтээлчид урлагийн арга хэмжээ зохион байгуулж, хүмүүжигчид өөрсдийн урлагийн авьяас чадвараа гэр бүлдээ сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн арга хэжмээ болсон юм.
Түүнчлэн тус өдөрлөгийн үеэр ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан хүмүүжигчдийг шагнаж урамшуулсны зэрэгцээ өдөрлөгт гэр бүлийн гишүүд нь оролцож амжаагүй хүмүүжигчдэд зориулсан тусгайлсан ажил зохион байгуулж, асрамжийн газар өсч торниж буй зарим хүүхдийг ээжтэй нь уулзуулах арга хэмжээг ангийн зүгээс асрамжийн газартай хамтран хэрэгжүүлсэн нь өдөрлөгийн нэг онцлох үйл явдал боллоо.
Өдөрлөгийн үйл ажиллагааг зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилсан бөгөөд эмэгтэй хүмүүжигчдийн ял эдлэх нөхцөл, нийгэмшүүлэх үйл ажиллагааны талаар олон нийтэд бодит, эерэг мэдээлэл түгээх нь өдөрлөгийн бас нэгэн зорилт юм.
Эмэгтэйчүүдийн ангийн хувьд хүмүүжигчдэд чиглэсэн нэн чухал арга хэмжээ болох тус өдөрлөгт ШШГЕГ-ын “Соёмбо” чуулга, ДХИС-ийн ШГАС-ийн Нийгмийн ажлын тэнхим, БЗД-ийн 21, 27 дугаар хороо, тус ангитай хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагууд идэвх санаачилгатай оролцсоны зэрэгцээ “G SOUNDS” компанийн хамт олон хөгжим хэрэгслээр бүрэн хангаж ажилласныг энд дурдахад таатай байна.
Нийгмээс тусгаарлагдан ял эдлэхийн хажуугаар өөрсдийн хүмүүжил төлөвшлийг хичээл зүтгэлээрээ харуулахыг чармайж буй нийт хүмүүжигчдийн ирээдүйд итгэх итгэлд урам зориг өгч оролцсон гэр бүл, байгууллага, хамт олон Та бүхэнд гүн талархлаа илэрхийлье.