Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Монгол Улсын хэмжээнд хорих ял шийтгүүлсэн эмэгтэй хүнийг нийгмээс тусгаарлан, хорих ялыг биечлэн эдлүүлэх, эрүүгийн ялын бодлогын хэрэгжилтийг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий үндсэн байгууллага юм.
Тус ангид хүмүүжиж буй нярай хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд хяналт тавьж, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нийслэлийн Амгалан амаржих газарт хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэний дагуу тус газраас 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Нярайн тасгийн эрхлэгч С.Тунгалаг, эх барихын эмч Н.Мөнхцэцэг, Сувилахуйн албаны дарга, Ч.Бурмаа болон бусад ажилтнууд анги байрлалд ажиллалаа.
Энэ үеэр тус ангид хүмүүжиж буй жирэмсэн болон нярай хүүхэдтэй 20 гаруй хүмүүжигчид “Нярайн асаргаа, сувилгаа”, “Жирэмсэн болон төрсний дараах эхчүүдэд өгөх зөвлөмж” сэдвээр ахлах эх баригч Д.Сарангоо сургалт зохион байгуулж зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шинээр мэндэлсэн нярайд хувцас болон живх, арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэлээ.
Мөн Эх барихын эмч Н.Мөнхцэцэг жирэмсэн 3 хүмүүжигчид төрхийн өмнөх эхо үзлэг, амаржсан 12 хүмүүжигчид төрсний дараах эхо үзлэгийг тус тус хийж эмчилгээ бичиж, зөвлөгөө өгсөн юм.
407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Нийслэлийн Амгалан амаржих газрын удирдлагууд эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй зарим зүйлс, Амгалан амаржих газарт алба хаагч, жирэмсэн хүмүүжигчийн байрлах ая тухайтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг өрөөг тохижуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.