Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь эмэгтэй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх зорилтын хүрээнд тэдгээрийн хуульд заасан эрхийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2023 онд тус ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тодорхой чиглэлээр нийгэмшүүлэх болон ял эдлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд төрийн бус болон олон улсын байгууллагуудад хүргүүлэн хамтран ажиллах саналыг тавьж ажиллаж байна.
Дээрх чиглэлээр олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хүсэлтээ тодорхой түвшинд илэрхийлж байгаа бөгөөд тус ангийн амьдралын бүсэд байрлах эмэгтэй хүмүүжигчдийн ахуйн үйлчилгээний хэсгийг зохих стандартад нийцүүлэн тохижуулах төслийг “Швейцарын хамтын ажиллагааны газар” дэмжин ажиллахаар тогтож, урьдчилсан уулзалт, судалгааг 2023 оны 03 дугаар сард зохион байгуулан ажилласан.
Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, Stephanie Burri, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар хүмүүжигчдийн ахуйн үйлчилгээний хэсгийг засварлан тохижуулах ажлын чиглэлээр хамтран ажиллах хугацаа, санхүүжилт, хөндлөнгийн хяналт зэргийг тохирч албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү төслийн хэрэгжилтэд 2 тал хамтран хяналт тавих бөгөөд төслийг 2023 оны 09 дүгээр сард бүрэн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ба төсөл хэрэгжсэнээр нийт ял эдэлж буй хүмүүжигчдийг хуульд заасан хүрээнд халуун усанд орох, хувцас угаах, бусад хэрэглэлээ ариутган, цэвэрлэх стандарт шаардлагад нийцсэн орчин нөхцөл бүрдэх юм.